Tuesday, January 13, 2015

"Бээлий" 
                        /Украйн ардын үлгэр/
Өвөө ойд явж байлаа. Нохой  ардаас нь даган гүйнэ. Өвөө бээлийгээ унагачхаад мэдэлгүй цаашаагаа яваад өгөв.
Хулгана гүйгээд ирж байна. Бээлийг хармагц дотор нь шурган ороод хэлж гэнэ.
— Би энд амьдарна.
 
Гэтэл мэлхий үсрэн гарч ирээд асуув:
— Ямар амьтан энэ бээлийнд байна вэ?
— Нүхэнд амьдардаг хулгана байна. Харин чи ямар амьтан вэ?
— Би ваагладаг мэлхий байна. Намайг эндээ амьдрахыг зөвшөөрөөч дээ. 
— Ор л доо.
За ингээд хоёулаа болчихлоо. 
 


Туулай харайлгаж байна. Өнөөх  бээлий уруу дэгдэн хүрч ирээд асуув.
— Ямар ямар амьтад энэ бээлийнхэнд байна вэ?
— Нүхэнд амьдардаг хулгана, ваагладаг мэлхий хоёр байна аа. Харин чи юу вэ?
— Дэгдэн харайдаг туулай байна. Намайг эндээ байлгаач дээ.


— Ор ор.
Ингээд гурвуулаа болчихлоо. 
Үнэг бас бээлий уруу гүйгээд ирэв.
— Ямар ямар амьтад энэ бээлийнхэнд байна вэ? Харин чи юу вэ?
— Нүхэнд амьдардаг хулгана, ваагладаг мэлхий, дэгдэн харайдаг туулай гурав байна. Харин чи юу вэ?
— Үнэг эгч нь байна аа. Намайг цуг амьдрахыг зөвшөөрөөч дээ.
— Тэг тэг
Ингээд дөрвүүлээ болоод сууж байв. 
Гэтэл чоно явж байгаад бээлий уруу дөхөж ирээд асуулаа.
— Ямар ямар амьтад энэ бээлийнхэнд байна вэ?
— Нүхэнд амьдардаг хулгана, ваагладаг мэлхий, дэгдэн харайдаг туулай, үнэг эгч дөрөв байна аа. Харин чи юу вэ?
— Би чоно ах нь байна. Намайг цуг амьдрахыг зөвшөөрөөч дээ
— Бололгүй яахав, тэг тэг
Чоно шурган орж ирээд тавуулаа болчихлоо. 
Хаанаас ч юм бэ бодон гахай гүйж ирээд:
— Ямар ямар амьтад энэ бээлийнхэнд байна вэ?
— Нүхэнд амьдардаг хулгана, ваагладаг мэлхий, дэгдэн харайдаг туулай, үнэг эгч, чоно ах тав байна. Харин чи юу вэ?
— Хөрс сэндийлдэг бодон байна. Намайг энд амьдрахыг зөвшөөрөөч.
— Юу гээч нь вэ.  Ирсэн бүхэн л бээлий уруу зүтгэх юм. Чи яаж ийшээ орох гэсэн юм бэ?
— Яаж ийж байгаад л шургаад орчихъё. Тэгэх үү?
— За яахав, ор доо ор.
Ингээд зургуулаа болоод наашаа ч үгүй, цаашаа ч үгүй шахцалдан сууцгааж байв. Ингэж байтал бут сөөг тас няс хийлгэн яарсаар баавгай гарч ирэн мөн л бээлий уруу хүрч ирээд хүрхрэн асуусан нь:
— Ямар ямар амьтад энэ бээлийнхэнд байна вэ?
— Нүхэнд амьдардаг хулгана, ваагладаг мэлхий, дэгдэн харайдаг туулай, үнэг эгч, чоно ах, хөрс сэндийлдэг бодон зургаа байна. Харин чи юу вэ?
— О-хо-хо! Та нар чинь ямар олуулаа байх юм бэ.  Би бол майга хүрэн баавгай байна. Намайг ч бас бээлийндээ оруулчих л даа.
— Чамайг бид хаанаа багтаах юм бэ? Ийм зайгүй байхад
— Яаж ийж байгаад багтацгаая л даа.
— За ор доо, захад нь л байж бай
Баавгай шургаж ороод  тэд долуулаа болчхов. Тэд нар маш их шахцалдаж бээлий яг л хагарах гэж байгаа мэт байв.
Харин тэгтэл өвөө бээлийгээ байхгүй байгааг мэдээд хайхаар буцаад явлаа. Нохой нь түрүүлээд гүйв. Гүйсээр гүйсээр хартал өнөөх бээлий маань газар хэвтэж байгаа мөртлөө хөдлөөд байв. Нохой хуцаж гарлаа. Амьтад айгаад бээлийнээс үсрэн гарч ойгоор тал тал тийш гүйн алга болов.
Өвөө хүрч ирээд бээлийгээ авлаа.


1 comment:

  1. manai huuhed durtai ulger bna. bayrlalaa bagshaa.

    ReplyDelete